2012-12-08
Н.Энхбаярын ялыг хөнгөрүүллээ


МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд 09.00 цагаас эхэлж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргав.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцсэний эцэст Н.Энхбаярт холбогдох “ТВ-9”, “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр түүний ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлжээ.   
“Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг хэвээр үлдээсэн учир До.Чулуунбаатарын ялыг хэвээр үлдээж, Ж.Мягмаржаргалын ялыг нэг жил болгон өөрчилжээ.

2012-12-08
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн газраас өнгөрсөн сард хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ ханш ямар байсан тухай мэдээллээ.
Судалгаагаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.1 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.
Махны дундаж үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 2.5 хувь, үхрийн цул махны үнэ 0.4, ямааны махны үнэ 6.2 хувиар буурсан бол, үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 6.2 хувиар өссөн аж.
Махны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.4 хувиар буурсан бол, адууны махны үнэ 0.8 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсчээ. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар 1 кг хонины (ястай) махны үнэ дунджаар 6075 төгрөг, хонины цул мах 6380, үхрийн (ястай) мах 7044, үхрийн цул мах 8156, ямааны мах 4700, адууны мах 5543 төгрөгийн үнэтэй байлаа.
Гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.8 хувиар өссөн бол, задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ тогтвортой байжээ. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын үнэ тогтвортой байсан байна. Мөн будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх сарын үнэтэй харьцуулахад 0.6 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад тогтвортой байгаа аж.
Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна гэсэн дүн гарчээ.

2012-12-08
Роберт Паттинсон гэрээсээ нүүжээ


“Twilight” киноны од Кристен Стюарт “Цасан гоо ба анчин” кинон дээр хамтран ажилласан найруулагч Рүперт Сандерстай дотно харилцаа үүсгэж, найз залуу Роберт Паттинсоныг хуурсан нь ил болсон билээ.

Нууц харилцаа үүсгэсэн хоёр аль аль нь дотны хүмүүсээсээ уучлалт гуйж олон нийтэд мэдэгдэл хийсэн боловч, уучлалыг хүлээн авахад тийм амар байгаагүй биз.

Хайртынх нь араар тавилт ил болсны дараа Роберт Паттинсон Кристентэй хамт амьдардаг Лос Анжелесын гэрээс нүүсэн байна. Харин лхагва гаригт Кристен сэтгэлээр ихэд унасан харагдаж байлаа.

Тэдний ойрын эх сурвалж хосуудыг эргэн нийлэх худлаа болсон байх хэмээн People сэтгүүлд ярьсан байна.    Ц.Мишээл