2012-12-09
Үрээ тэврэн үхэлтэй тэмцэлдсэн хатан зоригт Монгол бүсгүй

     Сэлэнгэ аймгийн Сүх­баа­тар суманд Орхон гол га­талж явсан хүмүүс усанд осол­дож, 27 настай залуу бүсгүй наймхан сартай хүүгээ тэвэрсээр хил даван урсан одсон дүр зураг одоо ч сэт­гэлээс минь гарахгүй, яа­гаад ч юм хаа нэгтээ амьд бай­гаа юм шиг санагдаад байх юм. Нэхийн чинээ мөсөн дээр өөдөс­хөн хүүгээ тэврэн үхэл амьд­ралын заагаас зуурал­дан байхдаа ч тэр бүсгүй гай­халтай зоригтой байж, усанд живж байсан нөхөртөө амьд­рах тэнхлийг үгээрээ хайр­ла­жээ.
Тэрбээр нөхөр Ш.Ган­батыгаа усанд живж байхыг хараад “Миний хань чадна. Зүтгээд байгаарай. Чи бид хоёрын нэг нь ч гэсэн хүүхдүүддээ амьд үлдэх ёстой. Чи чадна аа” хэмээн зоригжуулж байжээ. Ш.Ганбатынх гурван хүүтэй айл аж. Том хүү нь зургаан настай, дунд хүү гурван настай. Харин бага хүү нь өнгөрсөн хавар төрсөн Г.Шинэбаяр аж. Н.Саранчимэг гурав дахь хүүгээ төрөхөд ихэд баярлаж, нөхөртөө “Ганбаа найз нь чамд хөөрхөн хүү гаргаж өглөө шүү. Их бадриун биетэй бор хүүхэд байна.
Яг чам шиг том биетэй болох байх аа. Найз нь ингээд дархан бэр боллоо шүү дээ. Гурван хүү төрүүлбэл дархан бэр гэдэг юм гэсэн. Тавуулаа сайхан амьдарна аа” гэж ярьж байжээ. Гэвч одоо бүх юм орвонгоороо эргэв. Хэрвээ тэр нэгэн өдөр гол гатлан аймаг орчихоод буцаж явахад нь мөс цөмрөөгүй бол. Аврагчид техник хэрэгслээр бүрэн хангагдаж, тэрнээсээ ч илүү сэтгэл, зориг зүрхтэй байж шуурхай ажилласан бол эх, хүү хоёрыг аварч болох байжээ гэж бодохоос гол зурагдаад байх юм.

Тэгсэн бол өдийд дархан бэр маань халуу дүүгсэн гэр­тээ нөхөр хүүхэддээ будаа­тай цайг нь хийж өгөөд инээ­гээд Монголын минь нэг гэр бүл аз жаргалтай элэг бүтэн байх байсан гэж бодогдоно. Аврагчид олон хоног хайгаад олоогүй болохоор нэг л муу совин татаад байх юм. Тэр их хүйтэн ус мөсөн дунд эх хүү хоёр тэслээ тэслээ гэхэд хэдэн цаг тэсээ аж.Ямартай ч үхэл амьдралтай тэрсэлдэн зургаан цаг амьд байж. Хамт урсаж явсан Г.Цэрэнням гуайд “Би чанга орилохоор хүү айж, уйлаад байна. Харин та чимээ өгөөд орилоод байгаарай” хэмээн хэлж байжээ. Эх хүйтнийг яс махаараа мэдэрч байсан ч хүүгээ халуун энгэртээ тэвэрч, бас хөхөө хөхүүлж, хүүгээ айж цочоохгүй гэсэндээ аврал эрэн чанга ч орилж чадахгүй явж.Эх хүний үрээ гэсэн сэтгэл ийм хүчтэй ажээ. Бүх биеэр нь мөс гүйх мэт хүйтнийг хэдэн цагаар тэвчин байхдаа ч тэр биднийг хүмүүс ирж аварна даа гэсэн итгэлээ гээгээгүй гэдэгт нь итгэж байна. Тэр үхэлтэй эцсээ хүртэл тэмцэлдэхдээ үрээ халуун энгэрээсээ салгалгүй байж, үхэл айдсыг тэр бяцхан зүр­хэнд мэдрүүлэлгүй тас тэврэн мөнхий харанхуй руу одохдоо гэрэлт наран тэр хоёрыг түмэн цацрагаараа бүчин авч, эвлэг зөөлөн энхрий дулаанаар ээж бай­гааг мэдэрч, нөхөр гур­ван хүүгээ сүүлчийн удаа хар­сан байх гэж бодохоос өр өв­дөх юм.Бүсгүйн аврал эрэх чимээ шөнө хилийн цэргийнхэнд сонсогд­сон гэх авч очоод эх, хүү хоёрыг аварчих зоригтой аавын хүү тангараг өргөсөн эрсээс минь нэг ч байсангүй. Гавьяат Жагаагийн дуулсан “Эрхүүгийн хавар” дууны клипэнд гардаг шиг тосгоны буриад баавай тэр хоёрын минь амийг аварч, асран тэнхрүүлж суух вий гэж дэмий л өөрийгөө хуурах юм.


Үрээ тэвэрсэн бүсгүй хүн хамгийн жаргалтай байдаг ч үхэл­тэй нүүр тулахаараа эх хүний үрээ гэсэн сэтгэл юу­наас ч айхгүй хатан зоригтон бол­­дог аж. Монголд минь ийм Саранчимэгүүд олон бай­гаа. Хатан зоригт монгол бүс­гүй­чүүдээ хайрлая, эрчүүд ээ.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"


2012-12-08
ХҮНИЙ УХАМСАР БА УХАМСАРГҮЙ ОЮУН УХААН
Хүнийг дан ганц ухамсар биш ухамсаргүй оюун ухаан удирддаг юм биш үү гэсэн санааг З.Фрейд гаргасан байдаг. Хүнд тохиолдсон сэтгэлийн гаслан зовлон, хүнд цохилт, цухалдал, зэрэг нь хүний сэтгэл зүйгээс арилдаггүй. Харин тэдгээр нь ухамсар руу шахагдан ороод тэндээсээ сэтгэцэд идэвхитэй нөлөөлдөг. Хүний муу муухай үйлдэл нь орчны нөлөө байхаасаа илүү хүний уг чанарт байдаг гээд жирийн нөхцөлд хүн намайг харж байгаа, ингэхгүй бол болохгүй, хүмүүс намайг дүгнэж байгаа гэх мэтээр ухамсартаа захирагдан жинхэнэ дүр төрхөө нууж байдаг. Үүнийг хүний жинхэнэ ба “хуурамч дүр төрх” гэж нэрлэсэн. Бид энэ зураг дээр байгаа шиг энгийн эмгэн өвгөн хоёрыг харах боловч сайн харвал нийгмийн ёс зүйд захирагддаггүй үзэл бодол, соёлын хэм хэмжээнд таарахгүй хүслүүдэд захирагдсан үлгэрт гардаг “чөтгөр, шулам”-ыг ч дотроо нууж байж магад. Фрейдизмын хамгийн их анхаарал татдаг санаануудын нэг нь соёл, ухамсаргүй үйлдэл хоёрын харьцааны асуудал юм. Ухамсаргүй үйлдэл нь хүний уг мөн чанарт байдаг бөгөөд хүнийг байдгаараа, чөлөөтэй, дураараа байлгахад чиглэгдэнэ. Гэтэл соёл нь /биеэ авч явах хэм хэмжээ/ хүнийг нийгэм хамт олны дунд тогтчихсон зүйлийг харгалзах, түүний дагуу байх, бусадтай адил байхыг шаарддаг учраас энэ хоёр байнга зөрчилдөж байдаг байна. Соёлт хүмүүс ингэж болохгүй гэдгийг гүнзгий ухамсарладаг учраас үйлдэлдээ ямагт хяналт тавьж байдаг. Мөн нилээд чухалд тооцогддог ойлголтуудын нэг хэсэг нь түгшүүр, түүнтэй холбоотойгоор, сургалт, судалгаа, оношлогооны төв 9Харилцааны ёс зүй ба стресс менежмент хэрэглэгддэг сэтгэл зүйн хамгаалалтын механизм юм. Түгшүүрээс үүдэн бид сэтгэл зүйн хамгаалалтыг хэрэглэдэг. Сэтгэл зүйн хамгаалалтаас хамгийн эрсдэлгүй гэж үзсэн нь “сублимаци” юм. Сублимаци нь нийгмийн талаасаа зүйд үл нийцэх санаагаа боогдуулахгүйгээр тэр энергээ өөрчлөх боломжийг хүнд олгодог. Тухайлбал: хүн бэлгийн дур хүслээ хангаж чадахгүй болсон үед шинжлэх ухаан, урлаг, уран сайхны үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрт амжилт гарган түүгээрээ орлуулдаг байна. Үүнийг гэр бүлийн амьдрал дээр аваад тухайн гэр бүлийн гишүүдэд гэр бүлийнхээ талаар эсвэл хэн нэг гишүүний талаарх санаа бодолд нийцэхгүй бодол байсан ч түүнийгээ эерэг байдлаар орчиндоо болоод өөртөө ямар нэг хор уршиг учруулалгүйгээр илэрхийлэх байдал юм. Үүнийг дахин дэлгэрэнгүй тайлбарлая. СЭТГЭЛ ЗҮЙН ХАМГААЛАЛТЫН МЕХАНИЗМ Нийгмийн гишүүн болох бие хүн эхээс төрснөөсөө хойш бодит түгшүүртэй болсон байдаг. Энэ түгшүүр нь гадны аюулыг ухааран ойлгох, мэдрэх үед яригддаг ба айж эмээхтэй адил утгатай. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйд дамжуулагдсан таагүй мэдээлэл, ёс суртахуунгүй санаа бодлоо зориудаар мартах, дарах, бусдад тохож байгаа нь өөрийгөө ухамсаргүйгээр хамгаалж байгаа сэтгэл зүйн хамгаалалт юм. Сэтгэл зүйн хамгаалалт гэдэг энэхүү ухагдахууныг сэтгэл судлалын нэрт эрдэмтэн З.Фрейд анх томьёолсон. Тэрээр сэтгэл зүйн хамгаалалтыг авч үзэхдээ, хүмүүс өөрийн дотоод болон гадаад орчноосоо өөрт тохирохгүй, сэтгэл санаанд нийцэхгүй бодлыг эсэргүүцэх, түүнийг нуун дарах, сэтгэлд орж ирсэн ч тэр бодлыг өөрөөсөө зайлуулах сэдэл төрдөг ба үүнийгээ дотоод зөрчилдөөнөөрөө илэрхийлдэг. Сэтгэл зүйн хамгаалалт нь өөрийнхөө дэвшүүлсэн санаагаа хадгалах, хамгаалах тогтвортой байр суурь юм.
2012-12-08
Ямар ч утгагүй зүйлд цагаа үрээд байгаа юм биш биз
     Цаг хайран байна, гэдэг шалтгаанаар ашиг тусаа эс өгөх ямар ч хэрэггүй ажил хийхгүй байхын төлөө анхаарах хэрэгтэй. Өөрт тань ичмээр санагдах зүйлийг одоо ч цаашдаа ч огт хийх хэрэггүй. Өөртөө хэтэрхий их анхааран цаг зарцуулдаг хүн олон байдаг. Нүүрээ будаж үсээ янзлаж ,хувцас хунараа янзлахад хоёр гурван цаг зарцуулдаг хүн бий. Ийм хүмүүс амьдралынхаа туршид юу хийж амжуулах болоо? уул нь гоё сайхан л харагдана л даа гэхдээ зөвхөн хүний нүдэнд... Харин чухал ажлаа амжуулсан болов уу? дуртай зүйлдээ харамсаж гуниглалгүйгээр цагаа зарцууулж байгаа нь энэ юм биз дээ. Залуу зандан насаа бодол ухаангүйгээр зөвхөн гоёж гоодохын төлөө үрж дуусгана гэдэг үнэхээр харамсалтай л юм. Амьдралаа хайш яйш болгон алдаж байснаа хожим ухаарахдаа л тэр өөрийгөө буруутгаж толгойгоо шаан, гэмшиж гуних вий дээ.
"Цагийг үр дүнгүй өнгөрөөх" хэмээх энэ үг бол хүний амьдралын турш гаргачих гээд байдаг ноцтой алдаа. Архи уун, хөөрөлдөж ярилцаж байгаад л бүхэл оройг өнгөрөөчихөөд зааа ганц орой яавал гэж гэх хүн цөөнгүй л байх. Харин хүн амьдралаа дуусгаад энэ хорвоогоос явах нь дөхөөд ирэхээр харамсаад харамсаад бардаггүй. яг үүн шиг алдаа битгий гаргаасай залуусаа. Алдсан зүйлийг буцааж болдоггүй нь энэ амьдралын нэгэн шийтгэл юм.Алдаа бүрээ эргээд засаад байдаг бол утгагүй шүү дээ харин алдсан зүйлээсээ ухааран нэн чухал. Бид нар хувийнхаа амьдралд ч, нийгэм нийтийн ажилд ч хойрго хандан завгүй байна гэж өөрийгөө өмөөрдөг.Энэ бол залуучуудын гаргадаг бас нэг алдаа ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨХ. Амьдралаа тансаг сайхан зугаатай цэнгэлд умбаж өнгөөрсөн нэгэн хатан хаан үхэхдээ "Өчүүхэн цаг хугацаа хайрлаач, бум бумаар нь мөнгө төлөе" гэж халагласан байдаг. Үүн шиг алдаа битгий гаргаасай. Ингээд цагийг зөв зүйтэй өнгөрөөж өөрөө өөртөө эргэлт хийж цагийг ашиглаж суръя.
2012-10-14
С.Зоригийн хэрэгтэй холбоотой 10 баримт
Одоогоос 14 жилийн өмнөх энэ өдөр буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зо­риг өөрийн гэртээ онц хэрц­гийгээгээр алагдсан хэрэг гар­сан. Одоо ч энэ хэргийн сэ­жүүрийг тайлаагүй байна. Ту­хайн үед С.Зориг алагдсан хэр­гийн талаархи үнэн бодитой мэ­дээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол ч гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй байна. Монголчууд бүхэл бүтэн 14 жил түүний хө­шөөнд сэтгэлээрээ зул өргөж, алуурчин баригдчихаасай хэ­мээн залбирсаар буй.
Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэднээс дор өгүүлье.

1. Хэргийн газар анх очиж Бул­ганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түү­ний үхэл сэжигтэй байгаа гэд­гийг олон хүн хэлдэг.

2. С.Зоригийн хэрэгт сэжиг­лэг­­дэж шоронд сар гаруй суу­гаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цон­хоороо унаж нас барсан. Цаг­даагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.

3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэ­гийг нь таньсан төдийгүй “Бол­доо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр су­раг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.

4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сур­валжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэ­гэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.

5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн бай­сан.

6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.

7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэх­дээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэд­гийг О.Дашбалбар нараар жи­шээ аван хэлж байсан.

8. Хэрэг гарахын өмнө Мон­голд орж ирээд хэрэг гарсны мар­гааш нь хилээр гарсан Мө­рөн хэмээх өвөрмонгол залуу га­даадад яг С.Зоригийн аллагын бай­далтай төстэйгөөр алуулсан. Түү­нийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.

9. Хоёр алуурчныг харсан так­сины жолооч мөн сураг ал­дар­сан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж ма­гадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.

10. Хэргийг хянаж байсан про­курор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.

Тухайн үед “Нөгөөдөр” гэ­дэг сонины эрхлэгч байсан, нэрт сэтгүүлч Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам бол­сон гэж дуулддаг. Үнэндээ сэтгэхүйн хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг. Зүгээр байсан хүн, басхүү энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл олж чадсан хүн яагаад гэнэт сэтгэхүйн өөрчлөлттэй болчихсон юм бол. Хордуулсан уу, эсвэл хэт айлган дарамталсан уу. Айлган дарамталсан байж магадгүй гэдгийг түүнтэй нэгэн гэрчийг нүүрэлдүүлэхэд нь дуу хоолой, гар хөл нь чичирч, хөлс нь асгарч, маш их сандарч байснаар нь дүгнэн хэлж байсан юм. Тиймээс Даваажав нэг мөр ажил мэргэжлээ орхин бусдад ам алдахгүй гэдэг өчиг өргөөд лам болсон байж болох. С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөөх, эсвэл дарамтлах нь бусад гэрчүүдийн зүрхийг үхүүлэх, амаа хамхиад чимээгүй явах нь дээр шүү гэдгийг ойлгуулах зорилготой юм биш үү. Харин хэн үүнийг хийгээд байна вэ?!
Энэ хэргийн буруутныг олохыг ард түмэн төр засгаас олон жил шаардсан боловч өнөө хүртэл илэрсэнгүй. 1989-1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагч, УИХын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С. Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн. С.Зоригийн хавтаст хэрэг дотроос чухал эд мөрийн баримтууд устаж байгаад Монголын олон нийт харамсан дургүйцэж байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааг шударгаар явуулж байсан мөрдөн байцаагчид нь хохирч, уг хэргийг баллан ул мөргүй болгоход хүчин зүтгэсэн жинхэнэ алуурчдын хамсаатнууд цол, албан тушаал, цалин болон төрийн зүгээс олгодог алдар гавьяа, одон медалиар шагнагддаг зохисгүй байдал туйлдаа хүрлээ. Үүний тод жишээ нь Монгол Улсын гавьяат хуульч Д.Мөрөн юм. Энэ бол монголын улс төр өнөөдөр ямар шатанд явж байгааг харуулж байна.



2012-10-02
Хар эмгэнэл

Хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөнө гэгчээр сүүлийн үед монголын залуус хар тамхины амтанд уусаж мансуурал, бодит амьдрал хоёроо ялгаж ядан явна. Нүд нь улаанаараа эргэлдэж, хөл нь газраа олохгүй тэмтчин яваа дүр зураг улаанбаатар хотын захын дүүргээс эхлээд төвд хүртэл харагдах нь одоо цагт бол энгийн дүр зураг болтлоо нүдэнд дасчээ. Монголын ирээдүй болсон мянга мянган залуус ийнхүү өдөр хоногийг өнгөрөөж маргаашийн амьдралаа хар тамхиар сольж байгаа нь нууц биш юм.

Амархан аргаар  мөнгөжих бохир аюултай ажил монголчуудыг соронз мэт татаж байна. Ажил хийж мөнгө олохын оронд амь насаараа дэнчин тавьж хар тамхи зөөгөөд, нэг дор их хэмжээний мөнгө халаасладаг. Энэ явуургүй бодолдоо хөтлөгдөн харь оронд төмөр торны хаалга татаж буй монголчуудын тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд Хятад, Хонконг, Макао, Орос гэх мэт улсуудад хар тамхи зөөсөн хэргээр 120 гаруй монгол иргэд шалгуулаад  байгаа  юм. Энэ төрлийн гэмт хэргийг ял сонссон нь нийт 40 хол даваад байна. Хамгийн сүүлд гэхэд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ОХУ-ын Екатринбург хотод суралцдаг монгол оюутнуудныг шалгахад цүнх болон биенээс нь хар тамхи илэрч саатуулагдаад байна. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хятад руу нисэх гэж байсан хоёр хүний цүнхнээс хоёр кг хар тамхи илрүүлсэн тухай цагдаагийн газар мэдэгдсэн. Уг хэргийг үйлдэхийг завдсан хоёр этгээд аав, хүү хоёр байсан юм. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа юм.

Хар тамхийг улс дамнуулан зөөвөрлөх тухайд Малайзаас Солонгос, Солонгосоос Монгол, Монголоос Хятад, орос руу гэхчилэн тодорхой чиглэлээр явдаг. Манай орны хувьд их гүрнүүдийн хооронд дамжуулдаг гүүр болсон гэхэд хилсдэхгүй. Монголчууд энэ бохир бизнест зөвхөн авсан бараагаа заасан газарт нь аюулгүй хүргэх үүрэгтэй оролцдог. Тэд хэнээс хэнд явуулж байгааг ч мэдэхгүй, дамжуулагчийн эрсдэлтэй алхамыг хийдэг. Харин манайхан яаж тэдэнтэй холбогдож эх сурвалж авдаг вэ гэхээр голдуу интернэтээр, зараар холбоо тогтоодог гэж цагдаагийн байгууллага нотлоод байна.

– Хэлний курст сургана, гадаад хүнтэй суулгана, гадаад орон руу өндөр цалинтай ажилд зуучилна гэх зэрэг зар руу хандснаар энэ  бизнест хөл тавьж эхэлдэг байна. Түүнээс гадна хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнхи нь амьдралын боломж муу, эсвэл хэн нэгэнд хууртаж мэхлэгдсэн гэж ярьдаг. Гэвч олонхи нь ямар аюултай хэрэг хийж буйгаа мэддэг ба маш өндөр зохион байгуулалттайгаар ажилладаг гэж ярьж байна. Манай цагдаагийн байгууллагынхан 2011 онд хар тамхи зөөвөрлөдөг гурван томоохон охион байгуулалттай бүлэглэл этгээдүүдийг  баривчилсан. Үүн дээр дурьдахад:

2010 онд Хятад руу их хэмжээний хар тамхи зөөж байгаад баригдсан Л.Байгальмаа бүх насаараа хоригдох авах ял сонссон. Харин Хятадын Ардын шүүх түүний ар гэр,бусдад залилагдсан зэргийг нь харгалзан үзэж 25 жилийн хорих ял болгосон юм.  Түүнийг золиослогч Л.Гантуул мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл хууль бусаар авсан, хадгалсан, зөөвөрлөсөн хэрэгт яллагдагчаар татагдан анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял авсан. Тэрээр “ Дурлалын сүм оройгүй”, “Шүлгийн түүвэр” зэрэг номоо гаргаж байсан зохиолч эмэгтэй юм. Л.Гантуулын хамсаатан болох Ё.Оюунбилэг нар нь 2008 оны зургаадугаар сараас 2009 оны наймдугаар сарын хооронд Л.Байгальмаа,  Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, 2000 гаруй капсул мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн хэрэгт буруутгагдаж яллуулсан.

Аль ч улсын хил гаалийн хяналт чангарч хар тамхи илрүүлдэг багаж, үнэрч нохой зэргээр шалгадаг болсон. Хятад улс 50 граммаас дээш хэмжээний хар тамхийг ашиг олох зорилгоор оруулж ирсэн бол цаазаар авах ял ногдуулдаг. Хятад улсад манай 34 иргэн шалгагдаж ибайгаагийн гурав нь шүүхийн шийдвэрээр цаазаар авах ял авсан.

Гэсэн ч хүний санаанд оромгүй залгих, бүдүүн гэдэс рүүгээ шургуулах зэргээр аймшигт аргаар хар тамхи зөөвөрлөж эхлэв. 2011 онд монгол таван оюутан хятадаас монгол руу хар тамхи зөөж байгаад хил дээр баригдаж иргэн Б цаазаар авах ял сонсож, иргэн Г,О нар насаараа хоригдох ял, иргэн Л нь 15 жилийн ял авсан байна. Эдгээр оюутнууд хар тамхийг капсулаар нь их хэмжээгээр залгисан байсан нь илэрч Хятадын хатуу хуулиар ийнхүү шийтгүүлсэн байна. Сурч боловсроорой гээд эцэг эх нь хамаг мөнгөө шавхан урд хөрш рүү явуулахад эрдэм өвөрлөж ирэхийн оронд ял сонсон эх орондоо хөл тавих байтугай энд хоригдох ч эрхгүй болж хүний газар ясаа тавьж буй нь хамгийн эмгэнэлтэй юм.

Хар тамхи зөөж буй үндсэн арга нь эм шиг капсул маягаар хийж бэлтгээд залгих юм. Хувь хүний өөрийн биеийн онцлогоос шалтгаалаад 200 граммаас 1,2 кг хүртэл залгих тохиолдол гарчээ. Албаны мэдээгээр монгол иргэд хамгийн ихдээ 1,2 кг залгиж баригдсан байна. Ийм их хэмжээгээр хар тамхи залгисан хүн андашгүй байдаг юм. Юм идэж уудаггүй, жорлонд ордоггүй, хоолны үнэр авч чаддаггүй, хөдөлгөөнгүй суудаг. Хэрэв онгоц, галт тэргээр удаан хугацаагаар явбал хар хөлс нь цуваад халуурсан хүн шиг л явдаг.

·         Хар тамхины түүхий эд

Нийслэлийн зарим захын дүүргүүдийн нутаг Шувуун пабрик, Арсогоот мөн төв аймгийн Жаргалант, Баянцогт зэрэг сумдуудад хар тамхины түүхий эд болох 10 см-50 см урттай, том ногоон навчтай ургамал ургадаг. Энэ ургамалыг хатааж нунтаглаад, цаасанд ороож татдаг. Энэ нунтаг бодисны нэг шүдэнзний хайрцагийг нь 35000-40000 төгрөгөөр худалддаг байна. Дунд зэргийн давхаргын мансуурагчид үүнээс авч татдаг. Энэ нь дөнгөж орсон донтогчид, сонирхогчид юм. Татасны дараа 10-30 минут мансуурдаг байна.

·         Хар тамхины төрөл

Дэлгүүрийн лангуун дээр өрсөн бараа шиг хар тамхи бас олон төрөл байдаг. Тухайлбал: ус, хий, тос, мөс хэлбэртэй, зөвхөн тарьдаг болон татдаг, уудаг, иддэг тэр ч байтугай зүгээр өрөөндөө тавиад харахад  хүртэл мансуурч таашаал авдаг болжээ. Ийн таван мэдрэхүйгээрээ дамжуулан донтдог болсон байна. Сүүлийн жилүүдэд төрөл зүйлийн хувьд илүү хөгжин, боловсронгуй болгож байгаа ба 50-60 төрөл хэлбэртэй болсон байна. Нэг хар тамхичин жилдээ дунджаар 30-40 сая төгрөгийг донтох хэрэглээндээ зарцуулдаг. Хар тамхи хэрэглэсэн хүний бүх эрхтэн нь тархинаасаа эхлээд гэмтэж эхэлдэг. Улмаар донтож сэтгэцийн өөрчлөлттэй болж, хар тамхи хэрэглэхгүй л бол амьд явж чадахааргүй болтлоо дархлаагүй болдог гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэсэн. Нэгэнт орсон хүн насан турш хар тамхины төлөө л амьдардаг. Цаашлаад үр удам, удамшилд нөлөөлж ганцаар явах хувь тавилан луу өөрсдөө ч мэдээгүй байхад аль хэдийн орсон байдаг байна. Энэ мансууруулах бодис нь архинаас 60 дахин илүү хор нөлөөтэй байдаг.

Мөн томоохон хот суурин газруудын баар цэнгээний газрын эзэд, тэнд ажилладаг хүмүүсийн яриагаар орой бүр үйлчилгээгээ зогсоон хаалгаа бариад цэвэрлэгээ хийхэд тэнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн ямар нэг ул мөр үлддэг байна. Тариур, зүү, бодисын асгасанд үлдэгдлийг тэд олдог. Энэ нь жирийн үзэгдэл болсон гэж тэд ярьж байгаа юм.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар манай улсын хэмжээнд хар тамхинд донтсон 16000 хүн байна. Энэ бол хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн баттай тоо баримт. Эдгээрийн цаана сонирхож хэрэглэдэг өчнөөн хүн бий. Албан ёсны судалгаагаар донтсон нэг хүний ард уруу татагдсан, сонирхсон 4 мансуурагч байдаг.  Мөн мансуурагч донтонуудын тоо жилд 3 дахин нэмэгдэж байгаа нь хамгийн их айдас дагуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхи болон мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн энэхүү газар аваагүй тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд, эрэлт хэрэгцээг нь багасгах хязгаарлалт тавих, хор хөнөөлийг бууруулах гурван аргыг гол үндсээ болгон ажиллаж байна.

НҮБ-аас 1961 онд батласан мансууруулах эм бодисын тухай “ Нэгдсэн конвенци” 1971 онд батласан “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци” , 1988 онд батласан “Мансууруулах эм бэлдмэл сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг”  зэрэг конвенциудад нэгдэн орсон. Тийм учраас манай улс уг конвенцид нийцүүлсэн бие даасан хууль гаргаж хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй. 2006 онд “ Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх эм бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хууль” гэж батлагдсан. Гэхдээ чимээгүй тахалтай тэмцэхэд дүйцэхүйц хууль биш байна гэж хууль хэрэгжүүлэгч байгууллагууд үзэж байна. Асар их түгшүүр дагуулаад байгаа энэ асуудалтай холбогдуулан МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн санаачлагаар “ Хар тамхи, мансууруулах бодисын аюул –урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалтыг 3 сарын 4нд зохион байгуулсан. Уулзалтын үеэр ерөнхийлөгч “- хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон этгээдэд МУ-ын төрөөс өршөөл үзүүлэхгүй. Хөрөнгө мөнгөтэй дуучин жүжигчин хэн ч байсан хүний амь егүүтгэсэнтэй адил ял эдлүүлнэ, өгсөн шийтгэлийг дуустал эдлүүлэх болно” хэмээн онцлов. 2012 оны 2-р сарын байдлаар манай 17 иргэн БНХАУ-д хар тамхи зөөвөрлөсөн болоод үүнтэй холбоотой асуудалд орооцолдсоэоос үүдэн доод тал нь 8 жилийн ялтай, дээд тал нь насаараа хоригдох ял аваад байна. Энэ бүхнээс үзэхэд монгол улс хар эмгэнэлд нэрвэгдээд байгаа юм. Хэрхэн яаж гарахыг хүмүүсийн өөрийн ухамсараараа шийднэ.