Хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөнө гэгчээр сүүлийн үед монголын залуус хар тамхины амтанд уусаж мансуурал, бодит амьдрал хоёроо ялгаж ядан явна. Нүд нь улаанаараа эргэлдэж, хөл нь газраа олохгүй тэмтчин яваа дүр зураг улаанбаатар хотын захын дүүргээс эхлээд төвд хүртэл харагдах нь одоо цагт бол энгийн дүр зураг болтлоо нүдэнд дасчээ. Монголын ирээдүй болсон мянга мянган залуус ийнхүү өдөр хоногийг өнгөрөөж маргаашийн амьдралаа хар тамхиар сольж байгаа нь нууц биш юм.
Амархан аргаар мөнгөжих бохир аюултай ажил монголчуудыг соронз мэт татаж байна. Ажил хийж мөнгө олохын оронд амь насаараа дэнчин тавьж хар тамхи зөөгөөд, нэг дор их хэмжээний мөнгө халаасладаг. Энэ явуургүй бодолдоо хөтлөгдөн харь оронд төмөр торны хаалга татаж буй монголчуудын тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд Хятад, Хонконг, Макао, Орос гэх мэт улсуудад хар тамхи зөөсөн хэргээр 120 гаруй монгол иргэд шалгуулаад байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийг ял сонссон нь нийт 40 хол даваад байна. Хамгийн сүүлд гэхэд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ОХУ-ын Екатринбург хотод суралцдаг монгол оюутнуудныг шалгахад цүнх болон биенээс нь хар тамхи илэрч саатуулагдаад байна. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хятад руу нисэх гэж байсан хоёр хүний цүнхнээс хоёр кг хар тамхи илрүүлсэн тухай цагдаагийн газар мэдэгдсэн. Уг хэргийг үйлдэхийг завдсан хоёр этгээд аав, хүү хоёр байсан юм. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа юм.
Хар тамхийг улс дамнуулан зөөвөрлөх тухайд Малайзаас Солонгос, Солонгосоос Монгол, Монголоос Хятад, орос руу гэхчилэн тодорхой чиглэлээр явдаг. Манай орны хувьд их гүрнүүдийн хооронд дамжуулдаг гүүр болсон гэхэд хилсдэхгүй. Монголчууд энэ бохир бизнест зөвхөн авсан бараагаа заасан газарт нь аюулгүй хүргэх үүрэгтэй оролцдог. Тэд хэнээс хэнд явуулж байгааг ч мэдэхгүй, дамжуулагчийн эрсдэлтэй алхамыг хийдэг. Харин манайхан яаж тэдэнтэй холбогдож эх сурвалж авдаг вэ гэхээр голдуу интернэтээр, зараар холбоо тогтоодог гэж цагдаагийн байгууллага нотлоод байна.
– Хэлний курст сургана, гадаад хүнтэй суулгана, гадаад орон руу өндөр цалинтай ажилд зуучилна гэх зэрэг зар руу хандснаар энэ бизнест хөл тавьж эхэлдэг байна. Түүнээс гадна хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнхи нь амьдралын боломж муу, эсвэл хэн нэгэнд хууртаж мэхлэгдсэн гэж ярьдаг. Гэвч олонхи нь ямар аюултай хэрэг хийж буйгаа мэддэг ба маш өндөр зохион байгуулалттайгаар ажилладаг гэж ярьж байна. Манай цагдаагийн байгууллагынхан 2011 онд хар тамхи зөөвөрлөдөг гурван томоохон охион байгуулалттай бүлэглэл этгээдүүдийг баривчилсан. Үүн дээр дурьдахад:
2010 онд Хятад руу их хэмжээний хар тамхи зөөж байгаад баригдсан Л.Байгальмаа бүх насаараа хоригдох авах ял сонссон. Харин Хятадын Ардын шүүх түүний ар гэр,бусдад залилагдсан зэргийг нь харгалзан үзэж 25 жилийн хорих ял болгосон юм. Түүнийг золиослогч Л.Гантуул мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл хууль бусаар авсан, хадгалсан, зөөвөрлөсөн хэрэгт яллагдагчаар татагдан анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял авсан. Тэрээр “ Дурлалын сүм оройгүй”, “Шүлгийн түүвэр” зэрэг номоо гаргаж байсан зохиолч эмэгтэй юм. Л.Гантуулын хамсаатан болох Ё.Оюунбилэг нар нь 2008 оны зургаадугаар сараас 2009 оны наймдугаар сарын хооронд Л.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, 2000 гаруй капсул мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн хэрэгт буруутгагдаж яллуулсан.
Аль ч улсын хил гаалийн хяналт чангарч хар тамхи илрүүлдэг багаж, үнэрч нохой зэргээр шалгадаг болсон. Хятад улс 50 граммаас дээш хэмжээний хар тамхийг ашиг олох зорилгоор оруулж ирсэн бол цаазаар авах ял ногдуулдаг. Хятад улсад манай 34 иргэн шалгагдаж ибайгаагийн гурав нь шүүхийн шийдвэрээр цаазаар авах ял авсан.
Гэсэн ч хүний санаанд оромгүй залгих, бүдүүн гэдэс рүүгээ шургуулах зэргээр аймшигт аргаар хар тамхи зөөвөрлөж эхлэв. 2011 онд монгол таван оюутан хятадаас монгол руу хар тамхи зөөж байгаад хил дээр баригдаж иргэн Б цаазаар авах ял сонсож, иргэн Г,О нар насаараа хоригдох ял, иргэн Л нь 15 жилийн ял авсан байна. Эдгээр оюутнууд хар тамхийг капсулаар нь их хэмжээгээр залгисан байсан нь илэрч Хятадын хатуу хуулиар ийнхүү шийтгүүлсэн байна. Сурч боловсроорой гээд эцэг эх нь хамаг мөнгөө шавхан урд хөрш рүү явуулахад эрдэм өвөрлөж ирэхийн оронд ял сонсон эх орондоо хөл тавих байтугай энд хоригдох ч эрхгүй болж хүний газар ясаа тавьж буй нь хамгийн эмгэнэлтэй юм.
Хар тамхи зөөж буй үндсэн арга нь эм шиг капсул маягаар хийж бэлтгээд залгих юм. Хувь хүний өөрийн биеийн онцлогоос шалтгаалаад 200 граммаас 1,2 кг хүртэл залгих тохиолдол гарчээ. Албаны мэдээгээр монгол иргэд хамгийн ихдээ 1,2 кг залгиж баригдсан байна. Ийм их хэмжээгээр хар тамхи залгисан хүн андашгүй байдаг юм. Юм идэж уудаггүй, жорлонд ордоггүй, хоолны үнэр авч чаддаггүй, хөдөлгөөнгүй суудаг. Хэрэв онгоц, галт тэргээр удаан хугацаагаар явбал хар хөлс нь цуваад халуурсан хүн шиг л явдаг.
· Хар тамхины түүхий эд
Нийслэлийн зарим захын дүүргүүдийн нутаг Шувуун пабрик, Арсогоот мөн төв аймгийн Жаргалант, Баянцогт зэрэг сумдуудад хар тамхины түүхий эд болох 10 см-50 см урттай, том ногоон навчтай ургамал ургадаг. Энэ ургамалыг хатааж нунтаглаад, цаасанд ороож татдаг. Энэ нунтаг бодисны нэг шүдэнзний хайрцагийг нь 35000-40000 төгрөгөөр худалддаг байна. Дунд зэргийн давхаргын мансуурагчид үүнээс авч татдаг. Энэ нь дөнгөж орсон донтогчид, сонирхогчид юм. Татасны дараа 10-30 минут мансуурдаг байна.
· Хар тамхины төрөл
Дэлгүүрийн лангуун дээр өрсөн бараа шиг хар тамхи бас олон төрөл байдаг. Тухайлбал: ус, хий, тос, мөс хэлбэртэй, зөвхөн тарьдаг болон татдаг, уудаг, иддэг тэр ч байтугай зүгээр өрөөндөө тавиад харахад хүртэл мансуурч таашаал авдаг болжээ. Ийн таван мэдрэхүйгээрээ дамжуулан донтдог болсон байна. Сүүлийн жилүүдэд төрөл зүйлийн хувьд илүү хөгжин, боловсронгуй болгож байгаа ба 50-60 төрөл хэлбэртэй болсон байна. Нэг хар тамхичин жилдээ дунджаар 30-40 сая төгрөгийг донтох хэрэглээндээ зарцуулдаг. Хар тамхи хэрэглэсэн хүний бүх эрхтэн нь тархинаасаа эхлээд гэмтэж эхэлдэг. Улмаар донтож сэтгэцийн өөрчлөлттэй болж, хар тамхи хэрэглэхгүй л бол амьд явж чадахааргүй болтлоо дархлаагүй болдог гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэсэн. Нэгэнт орсон хүн насан турш хар тамхины төлөө л амьдардаг. Цаашлаад үр удам, удамшилд нөлөөлж ганцаар явах хувь тавилан луу өөрсдөө ч мэдээгүй байхад аль хэдийн орсон байдаг байна. Энэ мансууруулах бодис нь архинаас 60 дахин илүү хор нөлөөтэй байдаг.
Мөн томоохон хот суурин газруудын баар цэнгээний газрын эзэд, тэнд ажилладаг хүмүүсийн яриагаар орой бүр үйлчилгээгээ зогсоон хаалгаа бариад цэвэрлэгээ хийхэд тэнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн ямар нэг ул мөр үлддэг байна. Тариур, зүү, бодисын асгасанд үлдэгдлийг тэд олдог. Энэ нь жирийн үзэгдэл болсон гэж тэд ярьж байгаа юм.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар манай улсын хэмжээнд хар тамхинд донтсон 16000 хүн байна. Энэ бол хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн баттай тоо баримт. Эдгээрийн цаана сонирхож хэрэглэдэг өчнөөн хүн бий. Албан ёсны судалгаагаар донтсон нэг хүний ард уруу татагдсан, сонирхсон 4 мансуурагч байдаг. Мөн мансуурагч донтонуудын тоо жилд 3 дахин нэмэгдэж байгаа нь хамгийн их айдас дагуулж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхи болон мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн энэхүү газар аваагүй тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд, эрэлт хэрэгцээг нь багасгах хязгаарлалт тавих, хор хөнөөлийг бууруулах гурван аргыг гол үндсээ болгон ажиллаж байна.
НҮБ-аас 1961 онд батласан мансууруулах эм бодисын тухай “ Нэгдсэн конвенци” 1971 онд батласан “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци” , 1988 онд батласан “Мансууруулах эм бэлдмэл сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг” зэрэг конвенциудад нэгдэн орсон. Тийм учраас манай улс уг конвенцид нийцүүлсэн бие даасан хууль гаргаж хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй. 2006 онд “ Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх эм бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хууль” гэж батлагдсан. Гэхдээ чимээгүй тахалтай тэмцэхэд дүйцэхүйц хууль биш байна гэж хууль хэрэгжүүлэгч байгууллагууд үзэж байна. Асар их түгшүүр дагуулаад байгаа энэ асуудалтай холбогдуулан МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн санаачлагаар “ Хар тамхи, мансууруулах бодисын аюул –урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалтыг 3 сарын 4нд зохион байгуулсан. Уулзалтын үеэр ерөнхийлөгч “- хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон этгээдэд МУ-ын төрөөс өршөөл үзүүлэхгүй. Хөрөнгө мөнгөтэй дуучин жүжигчин хэн ч байсан хүний амь егүүтгэсэнтэй адил ял эдлүүлнэ, өгсөн шийтгэлийг дуустал эдлүүлэх болно” хэмээн онцлов. 2012 оны 2-р сарын байдлаар манай 17 иргэн БНХАУ-д хар тамхи зөөвөрлөсөн болоод үүнтэй холбоотой асуудалд орооцолдсоэоос үүдэн доод тал нь 8 жилийн ялтай, дээд тал нь насаараа хоригдох ял аваад байна. Энэ бүхнээс үзэхэд монгол улс хар эмгэнэлд нэрвэгдээд байгаа юм. Хэрхэн яаж гарахыг хүмүүсийн өөрийн ухамсараараа шийднэ.