Өнө мөнхөд сэтгэлд орших хайрыг нулимс болгон зангидаж
Өнчирч хоцорсон зүрхнийхээ гүнд би нууж үлдсэн юм
Өөрөөсөө хүртэл харамлаж хайрладаг хэрнээ
Өвөрт чинь эрхлэж жаргах байхаа гэж итгэж хүлээсэн юм
Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь
Нарны илчнээс ч дулаахан харцтай атлаа тэр
Намрын навч шиг хэврэгхэн биетэй
Тэнгэр мэт уужимхан, итгэл нь гал мэт дүрэлздэг ч
Тэвчээргүй хүүхэд шиг хөнгөхөн сэтгэлтэй
Ганцаардахаас үхтлээ айдаг эмзэг хэрнээ
Ганцхан үгэнд гомдож туньдаг зөрүүд ааштай
Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь
Шанхных нь үс цасанд дарагдах мэт цайрч
Шаналал, зовиур нүүрнийх нь үрчлээ бүхэнд тодорчихож
Саргүй шөнийг ч цоо гэрэлтүүлэм сайхан харцанд нь
Санааширал гуниг дүүрэн байхыг би хармааргүй байна
Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь
Хаяад л явчихсан даа гэж би гомдож чадахгүй байхад
Хажууд нь эрхлэж суугаа чи түүнийг минь хайраар битгий дутаа л даа