Одоогоос 14 жилийн өмнөх энэ өдөр буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг өөрийн гэртээ онц хэрцгийгээгээр алагдсан хэрэг гарсан. Одоо ч энэ хэргийн сэжүүрийг тайлаагүй байна. Тухайн үед С.Зориг алагдсан хэргийн талаархи үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол ч гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй байна. Монголчууд бүхэл бүтэн 14 жил түүний хөшөөнд сэтгэлээрээ зул өргөж, алуурчин баригдчихаасай хэмээн залбирсаар буй.
Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэднээс дор өгүүлье.
1. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түүний үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.
2. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.
4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн байсан.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.
7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэхдээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байсан.
8. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгөөр алуулсан. Түүнийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.
9. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.
10. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
Тухайн үед “Нөгөөдөр” гэдэг сонины эрхлэгч байсан, нэрт сэтгүүлч Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам болсон гэж дуулддаг. Үнэндээ сэтгэхүйн хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг. Зүгээр байсан хүн, басхүү энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл олж чадсан хүн яагаад гэнэт сэтгэхүйн өөрчлөлттэй болчихсон юм бол. Хордуулсан уу, эсвэл хэт айлган дарамталсан уу. Айлган дарамталсан байж магадгүй гэдгийг түүнтэй нэгэн гэрчийг нүүрэлдүүлэхэд нь дуу хоолой, гар хөл нь чичирч, хөлс нь асгарч, маш их сандарч байснаар нь дүгнэн хэлж байсан юм. Тиймээс Даваажав нэг мөр ажил мэргэжлээ орхин бусдад ам алдахгүй гэдэг өчиг өргөөд лам болсон байж болох. С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөөх, эсвэл дарамтлах нь бусад гэрчүүдийн зүрхийг үхүүлэх, амаа хамхиад чимээгүй явах нь дээр шүү гэдгийг ойлгуулах зорилготой юм биш үү. Харин хэн үүнийг хийгээд байна вэ?!
Энэ хэргийн буруутныг олохыг ард түмэн төр засгаас олон жил шаардсан боловч өнөө хүртэл илэрсэнгүй. 1989-1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагч, УИХын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С. Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн. С.Зоригийн хавтаст хэрэг дотроос чухал эд мөрийн баримтууд устаж байгаад Монголын олон нийт харамсан дургүйцэж байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааг шударгаар явуулж байсан мөрдөн байцаагчид нь хохирч, уг хэргийг баллан ул мөргүй болгоход хүчин зүтгэсэн жинхэнэ алуурчдын хамсаатнууд цол, албан тушаал, цалин болон төрийн зүгээс олгодог алдар гавьяа, одон медалиар шагнагддаг зохисгүй байдал туйлдаа хүрлээ. Үүний тод жишээ нь Монгол Улсын гавьяат хуульч Д.Мөрөн юм. Энэ бол монголын улс төр өнөөдөр ямар шатанд явж байгааг харуулж байна.